Нүүр хуудас Гурил Алейкагийн зөвлөгөө

Алейкагийн зөвлөгөө

Гурилын сортыг гадаад байдлаас нь яаж тодорхойлох вэ ?

  Гурилын сортыг түүний ширхэгийн хэмжээ ба өнгөөр нь тодорхойлж болдог. Үрийг тээрэмдсэний дараа гуриланд үрийн хальсны ширхэг үлдэж бараан харагдуулдаг. Гурилын сорт дээшлэхийн хирээр үрийн хальсны хольц буурч, өнгө нь цайвар бөгөөд жигд болдог.

Шинэ гурилыг хуучин гурилнаас яаж ялгах вэ?

  Шинэ гурилыг удаан хадгалагдсан гурилаас ялгахдаа, цайны халбага гурилыг усаар норгож шалгаж болно. Хэрэв холиход өнгөө хувиргахгүй байвал - шинэ, өнгө нь харлаж байвал - хуучин гэж үзэж болно. Шинэ гурилд хэлнийхээ үзүүрийг хүргэж үзэхэд амтгүй эсвэл бага зэрэг чихэрлэг амт мэдрэгдэнэ, үнэрлэхэд – үл мэдэг үнэртэй байна. Бага зэргийн ч болов исгэлэн, гашуун эсвэл дарагдсан үнэртэй бол гурилыг хуучирсан үрээр үйлдвэрлэсэн эсвэл буруу хадгалалтын явцад чанар нь алдагдсан байна.

Гурилын чийгшилтийг яаж тодорхойлох вэ ?

1.  Алган  дээрээ 1 хоолны халбага гурил асгаад бөөгнүүлж атгаад тавихад бутарч байвал гурил хэт хуурай, хэрэв алганы ирмэг хүрэхэд бутарч байвал гурил хэвийн чийгшилтэй, тэр чигээрээ бөөн хэвээрээ задрахгүй байвал чийгшилт ихтэй байна.

2.  Чийгшилт ихтэй гурилд гараа дүрэхэд хүйтэн мэдрэмж төрүүлдэг. Тийм гурилыг хамгийн түрүүнд хэрэглэх хэрэгтэй учир нь тэрээр түргэн мууддаг.

Гурилыг яаж зөв хадгалах вэ ?

  Гурил бол чийг татдаг, үнэр шингээдэг бүтээгдэхүүн тул гурилыг хуурай газар, үнэрт бодисоос хол хадгалах хэрэгтэй. Гурилыг ихэвчлэн уут, шуудайд хадгалдаг боловч шууд газар шалан дээр тавьдаггүй модон торон дээр агаар нэвтрэхээр байрлуулдаг. Ууттай гурилаа хүйтэн хана налуулж мөн тавьдаггүй. 25 оС-ээс ихгүй орчинд, агаарын харьцангуй чийгшилт 75% -иас ихгүй газар хадгалахыг зөвлөдөг. “Алейка” улаан буудайн гурилыг дээр заасан нөхцөлд үйлдвэрлэсэн өдрөөс хойш 18 сар хадгалах хугацаатай ба үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тамгалсан байдаг. Хугацааг 1-2 кг-ийн савлагаатай уутны амсар дээр дарсан, 5, 10, 25 ба 50кг-ийн савлагаатай уут, шуудайны дээд буланд оёсон шошгон дээр тавьсан байдаг.

Хэрэв гурилын чийгшилт ихэссэн бол яах вэ ? 

  Чийгшилт ихтэй гурил амархан мууддаг тул төмөр тавцан дээр нимгэн цацаж шарах шүүгээнд 30-50оС-ийн хэмд хатаах хэрэгтэй. Илүү өндөр температурт гурилын чанар муудаж болзошгүйг анхаарна уу.

Хэрэв гэрт жин хэмжүүр байхгүй бол гурилын жинг яаж тодорхойлох вэ?

  “Алейка” улаан буудайн гурилын хэмжээг (г) гаргавал

·  Цайны шилэн аяганд – 160

·  Хэмжээстэй шилэн аяганд – 130

·  Хоолны халбаганд – 30

·  Цайны халбаганд – 10 г тус тус ордог.

Дээрх хэмжээ нь шигшээгүй гурилын жин тул шаардлагатай бол хэмжиж авсны дараа шигшинэ. Гурилыг хэмжих саваара шууд хутгаж авахгүй ба хутгуураар сав руугаа хийнэ.  Саваа дүүргэхдээ чигжихгүй, гурилыг урьдчилан сийрэгжүүлэхгүй, шигшихгүйг анхаарна уу.



Гурилын ашиг шимийн тухай
Алейкагийн зөвлөгөө
Гурил яаж үйлдвэрлэгддэг вэ?
Эмээгийн жор
Алейка
Утас: (976) 5525-2786
Факс: (976) 11-369164
e-mail: info@aleyka.mn
Copyright © 2013
Алейcк Импекс ХХК